МОНГОЛ ХҮНИЙ МӨН ЧАНАРЫН ТУХАЙ ЭРГЭЦҮҮЛЭЛ №1

МОНГОЛ ХҮНИЙ МӨН ЧАНАРЫН ТУХАЙ ЭРГЭЦҮҮЛЭЛ №1

Тал минь хумигдаж, тэвчээр минь барагдахуй

Тал минь хумигдаж, тэвчээр минь барагдахуй

БАЙГАЛЬ ОРЧИН

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын малчин Н.Ганчимэг монгол түмний нүүдэллэх ёсны талаар хуучлахдаа хамгийн түрүүнд гэрийн буурийн тухай дурсав. Монголчууд нутаг сэлгэн нүүдэллэхээсээ урьдаар буух газраа заавал очиж шинжихийн зэрэгцээ хуучин бууриа ширхэг хоггүй болтол цэвэрлэж, шинэ бууцандаа “баян байг” хэмээн аргал, “бат байг” хэмээн чулуу тавьдаг ёстой. Энэ бүхэн малчин айлын амьдралд хэвшсэн энгийн үйл.

Author

Enkhjin Sh.

Photo by Ariungoo Batzorig

Тэр үед бууриа цэвэрлэхийг төсөл, хөтөлбөр, ногоон хөгжил гэж нэрлэдэггүй байж. Энэ нь  ирэх хүнээ, мал сүргээ, дараа жилийн өвсийг бодож байгаа л хэрэг. Шинэ нутгаас хишиг хүсэхийнхээ зэрэгцээ хуучин нутгаа бусдад бүтнээр нь үлдээдэг энэ нүүдлийн ёсыг дэлхий өнөөдөр хамгаалах ёстой өв хэмээн нэрлэж байна. UNESCO 2024 онд “Монгол нүүдэл, түүнтэй холбоотой зан үйл”-ийг хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэхдээ бууриа цэвэрлэх, бэлчээрт нөхөн сэргэх хугацаа өгөх зэрэг дадлыг уг соёлын салшгүй хэсэг хэмээн онцолжээ. Өөрсдөө мартах дөхсөн зүйлээ дэлхийгээр “өв” гэж дуудуулах нь бахархмаар ч юм, бага зэрэг ичмээр ч юм.

Бидний өвөг дээдэс хязгаар нь үл үзэгдэх уудам талд олон мянганыг үдэхдээ байгаль дэлхийдээ дасан зохицож, түүнийг хамгаалах ухааныг өөрсдийн амин чанар болгон төлөвшүүлжээ. Гэвч өнөө цагийн суурин соёлын өтгөн их манан дунд бид байгаль эхтэйгээ холбогдсон тэрхүү амин чанараа гээж, унаган байгалиасаа төдийгүй өөрсдөөсөө алсарч яваа юм биш биз? 

Байгальтай харилцах монгол ухаан гэдэг ууланд гарах бүрдээ хадаг уях, овоонд чулуу нэмэх төдий зүйл байгаагүй. Хаана буух, хэзээ нүүх, юуг хөндөхгүй өнгөрөх, хэрэглэснийхээ дараа юу үлдээхээ мэддэг амьдралын бүхэл бүтэн дэг байв. Харин тэр дэг алдагдах үед зөвхөн газар шороо бус, хүний зан чанар хүртэл элэгдэж эхэлдэг бололтой. Сүүлийн 80 жилийн хугацаанд Монголын жилийн дундаж агаарын температур 2.26 хэмээр нэмэгдэж, 2020 оны байдлаар Монголын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувьд цөлжилт, газрын доройтол их, бага хэмжээгээр илэрсэн. Ой модны хууль бус ашиглалт, хүнд үйлдвэрүүд, хөрс хуулалт, элс, хайрга олборлолт, хариуцлагагүй уул уурхай, бэлчээрийн газрын талхагдал, хөдөө орон нутгийн олон салаа зам харгуй, хөрсний бохирдол нь нүүдэлчин соёлын оршин тогтнох үндсийг өөрчилж буй томоохон сорилт болжээ.

Усны эх татрах бүрд нэг айлын нүүдлийн зам өөрчлөгдөнө. Бэлчээр доройтох бүрд малчны амьжиргаа доройтно. Улирлын өнгө шинжих, хаана бууж хэзээ нүүхээ таних, сүргээ нутаг усанд нь тохируулан авч явах үе дамжсан ухаан ч хэрэглэх газаргүй болж эхэлнэ.

Photo by Odonchimeg Batsukh

“БАЯНТАЛ МИНЬ ҮНЭХЭЭР БАЯН САЙХАН ТАЛ БАЙСАН ЮМ АА.”

Монголчууд болохгүй зүйлийн учрыг хүүхдэд урт сургаалаар тайлбарлах нь ч ховор. Усны эхийг бохирдуулах, усанд сүүтэй шанага дүрэх, газрыг дуртай үедээ хөндөх, амьтны амь таслахыг ахмадууд “нүгэл” хэмээн нэг л үгээр цээрлэнэ. Монгол хэлний их тайлбар тольд “нүгэл”-ийг шашны хориг цээрийг зөрчих, ёс бус үйлтэй холбон тайлбарладаг. Нүүдлийн ахуйд энэ ойлголтыг өдөр тутмын цээр болон хэрэглэж байжээ. Харин Жан Жан Шикийн судалгаанд монгол нүүдэлчдийн байгальтай холбоотой цээрийг мал, ан амьтан, гол ус, газар, мод, нүүдэлтэй холбон авч үзээд, эдгээр нь хүний хэрэглээг хязгаарлаж, бэлчээрийн нөхөн сэргэх боломжийг хадгалах нэгэн зохицуулалт байсан гэж тайлбарласан байна. Энэ утгаараа “нүгэл” гэх үг нь шашны гэмийг заахаас гадна ус, газар, амьтантай харилцахдаа хэр хэмжээгээ мэдэхийг сануулдаг байв.

Багадаа хүүхдүүдтэй нийлэн гүрвэл барьж уралдуулаад нутгийн өвгөнд загнуулж явснаа  Н.Ганчимэг дурсав. “Бид алаагүй шүү дээ” гэхэд нь өвгөн “Алаагүй ч, амраахгүй байгаа юм чинь” гэнэ. Хүүхдийн тоглоомын цаана амьтай бүхэнд хүссэнээрээ хүрч болохгүй гэх хязгаарыг тийнхүү ойлгуулдаг байж. Одоо түүний нутагт гүрвэл хүртэл ховорджээ. 

“Баянтал минь баян ч байж дээ” гэж санаа алдаад, бидний багад 4-р сарын дунд үе гэхэд цасны чийгээр өвс цухуйж, 5-р сар гарахад мал ногоонд ордог байсан гэв. Ногоо оройтохын хэрээр малын тарга авах хугацаа богиносож, намрын анхны цас, шуургыг давах тэнхээ нь ч суларна. Улирлын хэмнэл хэдхэн долоо хоногоор зөрөхөд малчны бүтэн жилийн амьдрал араас нь өөрчлөгдөж байгаа нь энэ.

Монгол хүний хувьд “нутаг” гэдэг төрж өссөн газрын нэрээс хавьгүй өргөн ойлголт. Төрж өссөн газар, ус, уул нуруу, өвөг дээдэс, гарал үүсэл, дурсамж гээд хүнийг тухайн орон зайтай холбож байдаг олон утга энэ нэг үгэнд багтана. Судлаач Д.Бум-Очир “нутаг” гэх ойлголт төрсөн газраас эхлээд эх орон хүртэл өөр өөр цар хүрээгээр тэлж болдгийг тэмдэглээд, монголчууд хүний төрсөн нутагтайгаа тогтоох холбоог эх, хүүхдийн холбоо шиг жам ёсны хэмээн төсөөлж ирснийг тайлбарласан байдаг. Тиймээс нутаг гэдэг нь бидний хувьд эзэмших гэхээсээ илүү харьяалагдах, санах, хайрлах, эргэж очих орон зай байсаар иржээ.

Энэ утгаараа монгол хүний дотоод ертөнц, сэтгэлгээний хэв шинжийг амьдарч ирсэн газар нутагтай нь салган төсөөлөх аргагүй. Дөрвөн зүг, найман зовхист хаашаа ч харсан хараа үл гүйцэх уудам тал, цэлийн цэнхэрлэх мөнх хөх тэнгэр монгол хүнд тал шигээ уудам, тэнгэр шигээ уужуу сэтгэлийг заяасан гэлтэй. Тиймдээ ч бидний өвөг дээдэс монгол хүн талынхаа энгээр сэтгэж, тэнгэрийнхээ энгээр толгой өргөдөг хэмээн хүүрнэдэг байсан биз. Их зохиолч Д.Нацагдорж “Миний нутаг” шүлэгтээ: 

“Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай 

Таван зүйлийн тарианы хөрс шороо газартай 

Энэ бол миний төрсөн нутаг 

Монголын сайхан орон” 

хэмээн өвсний сор, усны тунгалгыг даган дураар нүүдэллэх тэрхүү эрх чөлөөг дүрсэлсэн байдаг нь ч учиртай юм. Нүүдэлчин ахуйн энэ эрх чөлөө нь байгалийн жам ёс, дөрвөн улирлын аястай төгс зохицон амьдрах ухаан юм.

Нүүдлийн соёл иргэншлийн тухай өнөөдөр ч түгээмэл нэг буруу ойлголт бий. Тэр нь нүүдэлчин хүн уудам нутагт хаашаа ч хамаагүй нүүж, дуртай газраа буудаг байсан гэх төсөөлөл. Үнэндээ “дураараа нүүх” гэдэг нь дур зоргоороо авирлахын нэр байгаагүй. Хаашаа ч явж болох мэт боловч хаана ч хамаагүй бууж болохгүй. Мал сүргээ өсгөж болох ч, бэлчээрээ барж болохгүй. Ан хийж болох ч, үржлийн цагт нь хөндөж болохгүй. Ус хэрэглэж болох ч, эхийг нь бузарлаж болохгүй. Нэг худаг, нэг булагт хэт олон мал бөөгнөрүүлэхгүй. Нэг газартаа өвсийг нь дуустал суухгүй. Айл нүүхэд дараагийн айл ирэхээс гадна газар өөрөө ч амсхийх хугацаатай үлдэнэ.

Нэгэн цагт монгол хүн уудам талдаа дураар давхих эрх чөлөөгөө улирал, ус бэлчээрийн аястай зохицуулан эдэлдэг байж. Харин өнөөдөр хотын хэдхэн уулзварт тэвчээрээ гээж, эрх чөлөөг бусдын орон зайг зөрчихтэй, өмчийн эрхийг уулын ам, голын эргийг эзэмшихтэй эндүүрч яваа юм биш биз? Суурин соёлын эрчилсэн их бужигнаан дунд тийнхүү тэвчээр алдахдаа бид өөрсдийн жинхэнэ язгуур мөн чанараа умартан гээгээд буй юм биш биз?

Угтаа монгол хүн баргийн зүйлд бухимдаж, адгаж яардаггүй, байгаль эхийн хатуу сорилтыг ч ажралгүй даван туулдаг агуу тэвчээр, хатуужилтай ард түмэн билээ. Зундаа дөчин хэм хүртэл халж, өвөлдөө дөчин хэм даван хүйтэрдэг энэ л эрс тэс уур амьсгалд бид байгаль, цаг уурын гэнэтийн сорилт, зуд турхантай нүүр тулахдаа ч холч ухаанаар хормын зуурт сийрэг ухаан сийлж ирсэн билээ. Бид зовлонд сөхрөхгүй, жаргалд ташуурахгүй уужуу тайван амьдрах ухааныг байгаль эхээсээ өвлөсөн юм.

Гэхдээ тэвчээрийн тухай дулаан гэрт сууж ярих нэг хэрэг. Зудын дунд малаа авч үлдэх өөр хэрэг. Н.Ганчимэг мал малласан гуч орчим жилдээ 2024 оных шиг хүнд зудтай анх удаа нүүр тулснаа ярив. Анхны цас хайлж, дахин хөлдөхөд өвс нүдэнд харагдавч мөсөн бүрхүүлийн дороос мал хүрч идэж чаддаггүй. Малчдын “шилэн зуд” хэмээн нэрлэдэг энэ үзэгдэл бүтэн жилийн хөдөлмөрийг сорьсон гамшиг байлаа. 

Түүний нутагт мянган хоньтой айл хоёр зуугаад хоньтой үлдэж, хорин үхэртэй өрх хоёрхон үхэртэй хоцорсон тохиолдол ч гарчээ. Гэвч малын тоо хорогдоход зөвхөн эд хөрөнгө алга болдоггүй. Дараа жилийн төл, өрхийн орлого, хүнс, зээл, хүүхдийн сургууль гээд нэг айлын амьдралын олон салаа хамт тасарна.

НУТАГ УСНЫХАА МАНААНД

Усны эхийг нэг нь хамгаалаад нөгөө нь бохирдуулж, бэлчээрээ нэг айл гамнаад нөгөө нь барчихвал нийтээрээ хохирно. Тиймээс байгальтай зохицон амьдрах ухаан нийтээр дагах ёс, төрийн бодлого болон төлөвшжээ. Монголчууд байгалийг амьд бие хэмээн шүтэн дээдэлж, түүнийг хамгаалах хатуу зарчмуудыг төрийн бодлогодоо тусгаж ирсэн түүхтэй. XIII зууны үеийн хууль цааз, төрийн бодлого, хуульд газар хөрс, бэлчээрийг зохистой ашиглах, усыг бохирдуулахгүй байх, ой хээрийн түймрээс сэргийлэх, ан амьтныг дур мэдэн хядахгүй байхтай холбоотой хатуу зохицуулалтууд байсныг тэмдэглэдэг. Тухайн үеийн заалтуудыг өнөөгийн хуультай шууд адилтгаж болохгүй ч, нэг зүйл тодорхой. Ус, газар, ан амьтан нь хэн нэгний хүссэнээрээ эдлэх хязгааргүй өмч биш байжээ:


• Аливаа баялгийн эх үндэс, нүүдэлчин ардын амьдралын нэг сурвалж болсон газар хөрс, бэлчээрийг хамгаалж, зохистой ашиглах, газар нутгийг бохирдуулахгүй байгалийн хэв төрхөөр нь ариун байлгах

• Амьд бүхний амьдралын цорын ганц эх сурвалж болсон усыг бохирлож, хордуулахгүй ариун тунгалгаар нь үеийн үед хамгаалж ашиглах

• Эдийн засаг, хүн ам, мал сүрэг, газар нутаг, эд хөрөнгө, байгальд өөрт нь нөхөж баршгүй сүйтгэл аюул тарьдаг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх

• Нүүдэлчин ардын амьдрал соёл иргэншлийн өвөрмөц шинжийг харуулж байдаг ан авын нийтлэг шинж чанарыг тусгаж ан амьтныг зөв зохистой агнаж олборлох, хамгаалах


Энэхүү бодлогын хүрээнд Их засаг хуульд “Ус болон үнс рүү шээвэл цаазлах” хүртэлх хатуу заалтыг тусгасан байдаг. Байгаль орчин, ан амьтныг хувийн өмч мэтээр үзэж болохгүйг төрийн тэргүүний түвшинд хүртэл ухамсарлаж байв. Өгөдэй хаан өөрийн хаан байсан үеийн дөрвөн гавьяа, дөрвөн буруугийн нэг нь“тэнгэр газрын заяагаар төрсөн гөрөөсийг бусад ах дүү нарын нутагт очих, болуузай гэж харамлаж, шавар хэрэм бариулж, ах дүү нараас гомдох үгийг сонсов, би. Энд бас нэг буруу бий.” гэж хэлж байжээ.


Хаан хүний энэхүү гэмшил нь зэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэллэх жам ёсыг алдагдуулж, эзэнгүй амьтдыг хувийн өмч мэт хашиж тусгаарласнаа буруу хэмээн хүлээн зөвшөөрсөн хэрэг байв. Энэ нь гагцхүү хүн хийгээд байгалийн шүтэлцээг хүндэтгэхээс гадна эх дэлхийгээ хамгаалах төрийн хууль цаазыг хүн бүр эрх ямба үл хамааран дээдлэн сахих учиртайг илтгэж буй. 


Энэ талаар нийтлэлч Б.Батбаатар “нүүдлийн соёл уламжлалтай монголчууд бидэнд унаган байгалиа хамгаалах, суурин соёлд хэт автахгүй байх, цөөхөн монголчууд хоорондоо эв эеэ сахин хичээж амьдрахын чухлыг сануулсан захиас аж” гэж бичжээ. Байгаль хүний албан тушаалыг танихгүй. Ус ширгэвэл хаан, харц аль аль нь цангана. Агаар бохирдвол даргын өрөөг тойроод гарахгүй. Энэ утгаараа байгаль бол бидний зохиосон зэрэг дэвийг үл тоодог хамгийн шударга хэмжүүр юм.


ОРГИЛД НЬ ТАХИЛГА, БЭЛД НЬ БАРИЛГА

Монгол судлалыг АНУ-д үүсгэн байгуулагчдын нэг О.Латтимор “Монголчууд бүгдээрээ овоондоо гүн хүндэтгэл бишрэлтэй ханддаг ч, овоо тахилгын үед тахилгын зан үйлийн талаар нэг бүрчлэн тайлбарлах хүнтэй тааралдсангүй” хэмээн тэмдэглэсэн байна. Судлаач У.Эрдэнэтуяа үүнийг “Монголчууд овоо тахилгын талаар мэдэхгүйдээ бус тахилгын явцад түүний талаар хэлж ярихыг цээрлэдэг байж болох талтай” гэж тайлбарлажээ. Уул, овоогоо ийнхүү дээдлэхдээ монголчууд юуг хөндөж болохгүй, юуг цээрлэх ёстойг ч чандлан сахиж иржээ. Богдхан уул бол энэ ёс хэр хатуу мөрдөгдөж ирсний нэг тод жишээ юм.


А.М.Позднеев 1890-ээд оны эхээр Монгол нутгаар аялсан тэмдэглэлдээ Богд хан уулыг бэлээсээ орой хүртэл өтгөн шилмүүст ойгоор бүрхэгдсэн, модыг нь огтолдоггүй, ан амьтныг нь агнадаггүй онгон дагшин нутаг хэмээн дүрсэлжээ. Өдгөө Позднеевийн тэмдэглэлээс 100 гаруй жилийн дараа бараа харагдах газар нь алах ял заагдсан хүнийг цаазлахыг ч цээрлэдэг тэр онгон, дагшин уулыг танихад бэрх болжээ. 2001 онд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах түр журам батлагдсанаар Богдхан ууланд барилгажилтын эхлэл тавигдаж, 2015 онд хоёр давхраас өндөр барилга барихыг хязгаарласан заалтыг холбогдох стандартаас хасаж, уулын бэлд тогтож байсан барилгууд аажмаар ам өгсөн, энгэр өөд мацсан түүхтэй.


Газар олгох түр журмыг 2022 онд цуцалсан ч, барилгын ажил зогссонгүй. Өмнө нь олгосон зөвшөөрөл, ашиглалтын эрх, шүүхийн маргаан ар араасаа үргэлжилсээр, 2024 оны 6-р сарын байдлаар Богдхан уулын тусгай хамгаалалттай бүсэд шүүхээр маргаж буй 100 орчим газар бүртгэгджээ. Хууль цаасан дээр чангарсан ч, уулын энгэр дээрх дүр зураг төдийлөн өөрчлөгдсөнгүй. Зэрлэг амьтдын идээшлэх, тархан нутаглах зам нарийсахын хэрээр янгир, буга иргэдийн алхдаг цөөн гарц руу шахагдах болж, янгир нохойд бариулах, буга хүнээс хоол эрэх, суурьшлын бүсэд улам ойртох үзэгдэл олширсон нь үүний нэг илрэл.


Сүүлийн хоёр жилийн дотор газрын төлбөр төлөөгүй, зориулалтаа өөрчилсөн, хууль зөрчин барилга барьсан зэрэг 180 гаруй зөрчил илэрч, байгаль орчинд учруулсан хохиролд 1.2 тэрбум төгрөгийн торгууль, шийтгэл ногдуулсан гэх мэдээлэл бий. Бид уулын оройд тахилга үйлдсээр атлаа бэлд нь үлдэх газаргүй болтол шахаж суугаа нь хүндэтгэл гэхээсээ илүү ёс заншлынхаа утгыг гээсэн хэрэг биш гэж үү?


АРВИЛАХЫН УЧИР

Угтаа байгалиа дээдлэх ёс тахилгын өдөр л илэрдэг зүйл байгаагүй. Хэрэглэхдээ хэр хэмжээгээ мэдэх, авсныхаа дараа үлдэхийг нь үлдээх тэр ухаан жирийн айлын өдөр тутмын ахуйд шингэсэн энгийн л зүйл байжээ. Үр хүүхдэдээ үлдээсэн захиас, хэрэглэж ирсэн эд зүйлээс нь хүртэл энэ хандлагыг харж болно. Монголын төв нутагт Далай чойнхор вангийн хошууны толгой цохидог баячуудын нэг “Нарийн Пэрэнлэй” гэж хүн насан өөд болохын өмнө нэгдлийнхээ музейд бэлэглэсэн аргалын жижиг савар дээрээ:

“Хангай дэлхийн модыг арвилан

Халтар аргал түлшиндээ хэрэглэх”

хэмээн захиж үлдээсэн байдаг. Утга нь тун энгийн. Байгалиас хэрэгтэйгээ авч болно, харин бүгдийг нь шавхаж болохгүй. Өнөөдрийн хэрэгцээгээ хангахдаа маргаашид үлдэхийг нь үлдээх учиртай. Арвич энэ хандлага өдөр тутмын хэрэглээнд ч харагдана. Гялгар уут, нэг удаагийн сав баглаа байхгүй үед махаа цэвэрлэсэн гүзээнд боож хөлдөөнө. Хэрэглэсэн зүйлээ өөр зориулалтаар дахин ашиглах нь ч хэвийн үзэгдэл байв. 


Монголчуудын ийнхүү юмхнаар юм хийдэг зан гаднынхны тэмдэглэлд ч үлджээ. Монголд ажиллаж амьдарч байсан шведийн сургаал номлогч, худалдаачин, дипломат Август Ларсон 1936 онд “Монгол дахь амьдралын тав тух” нийтлэлдээ: “Монголчуудын хувцас хунар ч энгийн амар. Жилдээ ганц удаа л шинэ хувцас авна, тэр нь даавуун, эсвэл торгон дээл, хонины нэхий дах” хэмээн бичсэн байна. 


Тэрээр мөн Христийн шашин түгээх ажлын үеэр болсон нэгэн хөгжилтэй явдлыг дурсан бичжээ. Номлогчид Монголд ирж Библи зарахад номууд нь тэр дороо дууссан тул монголчууд Христийн шашинд тун амархан орж байна хэмээн ихэд баярласан аж. Гэтэл хожим нь мэдэх нь ээ, овсгоотой монголчууд номынх нь савхин хавтасыг урж аваад гутлаа уллаад байсныг мэджээ. Тэр үеийн монгол хүн бол зүгээр л “хэрэг болох юм байна” гэж харсан биз.


Гэхдээ овсгоо, арвич зан хоёр цээргүй бол амархан шунал болж хувирна. Байгалиас хэрэгтэйгээ авах нэг хэрэг, тааралдсан бүхнээ хамах өөр хэрэг. Энэ хоёрын заагийг алдахгүй байх нь л чухал байжээ.

Photo by Dembee Tsogoo


БИД ЮУ ҮЛДЭЭХ ВЭ?

Нүүхдээ хуучин бууриа цэвэрлэж, дараагийн айлд газар усаа бүтнээр нь үлдээдэг байсан тухай Н.Ганчимэгийн яриа нийтлэлийн эхэнд гарсан. Хүн харж байна уу, хууль шаардаж байна уу гэдгээс үл хамааран усанд юу хийж болохгүй, газарт хаана хүрч болохгүй, өөрийн хэрэглээ хаана дуусах ёстойг мэддэг тэр хэмжээ. 


Бид байгальтайгаа харилцах хуучны бүх ёсыг сэргээж, өнгөрсөн цаг руугаа буцах боломжгүй, тэгэх ч шаардлагагүй. Харин юуг авч болох, хаана зогсох, өөрийнхөө дараа юу үлдээх вэ гэдгийг мэддэг байсан тэр ухаан бидэнд урьдынхаасаа ч илүү хэрэгтэй болжээ.


Өнөөдөр бидэнд байгаль хэр доройтож байгааг хэлэх судалгаа бий, хамгаалах хууль бий, хариуцсан байгууллага ч бий. Гэхдээ асуудал маань мэдэхгүйдээ биш байх. Мэдсээр байж хэмжээгээ хэтрүүлдэгт, хэрэгцээ ба шуналынхаа заагийг бүдгэрүүлдэгт, өөрийнхөө дараа юу үлдэхийг бодохоо больсонд байх шиг.


Бид өнгөрснөө магтан суухын тулд биш, ирээдүйгээ ямар байлгахыг шийдэхийн тулд энэ бүхнийг эргэн харах хэрэгтэй болов уу. Яарсан амьдралын хэмнэл дундаа хэсэгхэн ч болов гүнзгий амьсгаа аваад, бидэнд ямар нутаг өвлөгдөж ирснийг санаж, бид өөрсдөө ямар нутаг өвлүүлж үлдээх гэж байгаагаа сайтар тунгаах цаг нэгэнт иржээ.

Бусад нийтлэлүүд

© 2026 MOGUL+. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

© 2026 MOGUL+. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.