Жолооны курсийг тойрсон асуудлууд

Жолооны курсийг тойрсон асуудлууд

Enkhjin Sh.

Жолооны курсийн үнэ өссөн ч, чанар өссөн болов уу?

МОНГОЛ УЛСАД ЖОЛООЧИЙН ТОО СҮҮЛИЙН 10 ЖИЛД 50.3 ХУВИАР ӨСӨЖ, 

2025 оны эцсээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 1.4 саяыг давжээ.

Үүнийг дагаад жолооны сургалтын эрэлт, сургалтын байгууллагын тоо нэмэгдэж* байгаа ч, багшийн хомсдол, сургалтын чанар, шалгалтын тогтолцоо, төлбөрийн ил тод байдал зэрэг асуудал тулгарсан хэвээр байна.

Сүүлийн зургаан жилийн дотор “В” ангиллын жолооны сургалтын төлбөр 300 мянгаас 1 сая төгрөгт хүрч, 233 хувиар өсжээ. 

Жолооны курсийн үнийг төрөөс биш сургалтын байгууллагууд өөрсдөө тогтоодог. Харин шалгалтын хураамжийг ЦЕГ-ын боловсруулсан журмын төслөөр нэмэгдүүлэх асуудлыг ярьж байна.

“В” ангиллын сургалтын төлбөр таван жил орчим өөрчлөгдөөгүйд инфляц, шатахуун, автомашин ашиглалт, засвар үйлчилгээ, багшийн цалин зэрэг хүчин зүйл нөлөөлсөн байх боломжтой.

Гэвч тус нэмэгдсэн өртөг нь сургалтын чанарт бүрэн шингэж чадсан болов уу?

ТӨЛБӨР БАГА УЧРААС СУРГАЛТ МУУДСАН УУ?

ЦЕГ энэ оны 6 сард “Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны болон жолоодох эрхийн шалгалт авах, шалгалтын хураамжийн хэмжээ, түүнийг зарцуулах журам”-ын төслийг нийтэлсэн. 

Төслийн танилцуулгад, Монгол Улсад зам тээврийн ослоор жилд 500-600 хүн амиа алдаж, 3,500-4,000 хүн гэмтдэг гэжээ. Үүнд жолоочийн мэдлэг, ур чадвар, хариуцлагаас гадна жолооны сургалтын төлбөр бага байгаа нь сургалтын чанарт “шууд нөлөөлсөн” гэж дүгнэсэн байна.

Энэ дүгнэлтийг хийхийн тулд наад зах нь жолооны курсүүдийн төлбөр, бодитоор орсон дадлагын цаг, шалгалтад тэнцсэн хувь, төгсөгчдийн осол, зөрчил зэргийг харьцуулан судлах шаардлагатай ч энэ талаарх судалгааг олон нийтэд танилцуулаагүй байна.

Чанартай сургалт ослын эрсдэлийг бууруулж болох ч, өндөр төлбөр чанарын баталгаа болох эсэх нь асуултын тэмдэг. Үнэ өсөхөд дадлагын цаг нэмэгдсэн үү, багш нарын ур чадвар сайжирсан уу, сургалтын автомашин, орчин шинэчлэгдсэн үү гэдгийг тусад нь хэмжих ёстой.

“ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА ZUTO” 

ЦЕГ зарим орны жолооны сургалтын үнийн мэдээллийг харьцуулжээ. Гэвч тухайн улсын дундаж орлого, худалдан авах чадвар, заавал судлах цаг болон төлбөрт багтсан үйлчилгээг тооцоогүй тул ийн харьцуулах нь учир дутагдалтай.

Мөн уг харьцуулалтаа “олон улсын санхүүгийн байгууллага Zuto” компанийн мэдээлэлд тулгуурласан гэсэн ч, “Zuto” нь автомашины зээлийн зуучлагч компани бөгөөд ашигласан материал нь тус компанийн вэбсайт дахь блог нийтлэл байв. 

СУРАЛЦАГЧДЫН ХАНДЛАГА УУ, СУРГАЛТЫН ДОГОЛДОЛ УУ?

ЦЕГ хямд төлбөрөөс шалтгаалан суралцагчид “хэдэн удаа орсон ч хамаагүй тэнцэх” хандлагатай болсон гэж дүгнэжээ. Гэхдээ сургалтын байгууллага дадлагын цагаа бүрэн орсон уу? Багшийн ур чадвар хангалттай байсан уу? Шалгалтын үнэлгээ ил тод, нэг мөр явагдсан уу? зэргийг тусад нь судлахгүйгээр хураамж нэмэх нь сургалтын доголдлыг засах бус, шалгалтад унах бүрдээ илүү их мөнгө төлдөг тогтолцоо бий болох эрсдэлтэй.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар стандартын шаардлага хангаагүй, эсвэл сургалтыг хангалтгүй зохион байгуулсан нь жолооч бэлтгэх сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоох үндэслэл болдог.

2022 онд жолооны мэргэжлийн дромтой курс “асар цөөн” байгааг холбогдох газраас мэдээлж байсан бол 2023 онд шаардлага хангаагүй буюу түр түдгэлзүүлсэн 84 байгууллагад арга зүйн зөвлөмж өгч ажилласан байна.

Энэ оны 7 сарын байдлаар Монгол Улсад жолооч бэлтгэх 400 гаруй байгууллага бүртгэлтэй байна. 

Гэвч нийтэд танилцуулсан баримт бичигт энэ хамаарлыг тогтоосон судалгааны нэр, арга зүй, түүвэр болон үр дүнг дурдаагүй байна.

Цаашилбал, ЦЕГ шалгалтын хураамжийг нэмэгдүүлж, орлогыг өөрийн Төрийн сан дахь дансанд төвлөрүүлэн журмын дагуу зарцуулах санал гаргажээ. Захиргааны ерөнхий хуулиар иргэдэд нэмэлт зардал үүсгэх зохицуулалтын эдийн засаг, нийгмийн нөлөөг урьдчилан тооцохыг шаарддаг. Гэвч төслийн нийтэд танилцуулсан хувилбарт хураамжийн хэмжээ, нэг шалгалтын бодит өртөг, иргэдэд үүсэх нэмэлт зардал болон орлогын зарцуулалтын дэлгэрэнгүй тооцоо байхгүй байна.


Бусад нийтлэлүүд

© 2026 MOGUL+. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

© 2026 MOGUL+. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.