Enkhjin Sh.
Англи хэлний “Ladies and gentlemen” гэх мэндчилгээг монгол хэлэнд ихэвчлэн “Хатагтай, ноёд оо” гэж буулгадаг билээ. С.Дулам багш монгол аман зохиол, туульст үүнтэй төстэй санааг “Хаан амрыг амарчилж, хатан мэндийг мэндчилье” гэж хэлдэг байсан талаар бичжээ.

Мөн буриадуудын “Мэнд Амоор” гэх мэндчилгээ ч угтаа хатдын мэнд, ноёдын амрыг асуусан хураангуй хэлбэр байж магадгүй юм.
Тэгвэл мэндлэх ёсонд мэндийн үгнээс гадна өөр юу багтдаг вэ?
Монголчуудын мэндлэх ёс нь амар мэнд асуухаас гадна тухайн хүний нас, ахуй амьдрал, улирлыг хүртэл харгалздаг онцлогтой.
Сайхан хаваржиж байна уу?
Өнтэй өвөлжиж байна уу?
гэх мэт мэндчилгээ нь мал сүрэг, гэр орон, нутаг усны байдлыг хамтад нь лавлаж буй хэлбэр юм.
Тохой түшихийн учир
Мэндлэх ёсны нэг чухал хэсэг нь биеийн хөдөлгөөн юм. Үг зөв байсан ч хөдөлгөөн нь хайхрамжгүй байвал мэндчилгээний утга сулрах нь бий.
Жишээ нь, ахмад хүнтэй золгохдоо тохойг түшин мэндэлж, харин ахмад хүн гарын алгаа дээш харуулан, түшүүлдэг. Энэ нь дүү хүн ахмадаа үргэлж хүндэлж, тусалж байхын, ахмад нь сургаал, сэтгэлээ харамгүй хүртээж байхын бэлгэдэг болдог.
Хадагтай золгох, хадаг барьж золгохын ялгаа
Хадагтай золгохдоо хадгийнхаа нэг үзүүрийг баруун гарын ядам хуруунд дотор талаас нь нар зөв хоёр ороож, чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгодог.
Хадаг, аяга цай, бэлэг зэрэг хүндэтгэлийн зүйл барихдаа хоёр гараар барих, эсвэл зүүн гараараа тохойгоо барих нь мөн адил хүндэлж буй хэлбэр юм.
Хадагтай золгох, хадаг барьж золгох хоёр нь хоёулаа хүндэтгэлийн илэрхийлэл боловч
өөр өөр ёстой.
Хадагтай золгох үед хадгаа хүнд өгдөггүй, өөртөө авч үлддэг. Энэ ёсоор ямар ч насны хүнтэй золгож болно.
Харин өндөр настай, нутаг усандаа хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгодог. Энэ үед дүү хүн хадгийн амыг золгох хүн рүү харуулан бариад, тухайн хүний гар дээр тавьсны дараа золгодог.
Хадгийг тавихдаа бүх хурууг нь бүтээж болохгүй бөгөөд эрхий хуруунд нь тулгаж, алганд нь багтаан тавина. Мөн хадгаа тавьж байхдаа мэнд мэдэхгүй, харин хадгаа тавьсны дараа золгож амар мэндийг нь асуудаг.
Хөөрөг зөрүүлж мэндлэх тухай
Хөөрөг солилцох ёс бол ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ хандаж, амар мэндээ мэдэж буй уламжлалт ёс юм. Зочин гэрт орж, тухлан суусны дараа гэрийн эзэнтэй хөөргөөр тамхилна.
Тамхилахдаа хөөрөгний толгойг суллаж, золгох хүндээ өргөсхийн хөндийрүүлж өгдөг уламжлалтай. Хөөргийг авсан хүн тамхинаас зохих хэмжээгээр халбагадан татах буюу үнэрлээд буцааж өгөхдөө толгойг нь үл ялиг чангалдаг.
Уй гашуу тохиолдсоноос бусад үед хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ дээлийн товчоо тайлах, ханцуй шамлахыг цээрлэдэг.
Мөн хөөрөгний толгойг суллаад, эргүүлэн дарсхийж өгвөл золгүй явдал тохиосныг илтгэх бөгөөд хөөрөг авсан хүн учрыг лавлаж, асуудаг ёс бий.
Монгол мэндлэх ёсонд амар мэнд асуух энгийн хэлбэрээс гадна хүнийг хүндлэх, харилцааг зөв эхлүүлэх, баяр гунигаа хуваалцах соёлыг хүртэл агуулдаг аж.
Өнөөдөр эдгээр ёс бүгд өдөр тутам хэрэглэгдэхгүй байж болох ч,
цаад утгыг нь мэддэг байх нь чухал юм.