Solongo B.
Хотулун буюу Хотол цагаан гүнж нь Хайду хааны охин, Чингис хааны тав дахь үеийн удам байжээ.

Тэрээр гоо үзэсгэлэнгээс гадна морь унах, нум сум харвах, бөхөөр хүч үзэх чадвараараа алдартай байсан бөгөөд эрчүүд хүч үзээд ч дийлдэггүй байсан хэмээн тухайн үеийн сурвалжид тэмдэглэгдсэн байдаг.
Хотулуны тухай хамгийн алдартай түүх бол түүний гэрлэх нөхцөл юм. Марко Пологийн тэмдэглэлд Хотулун өөртэй нь гэрлэхийг хүссэн эрчүүдэд “Намайг барилдаад унагасан залуутай л гэрлэнэ, унагааж чадахгүй бол надад 100 морь өгөөрэй.” гэдэг байсан гэж тэмдэглэсэн байдаг.
Түүнтэй хүч үзэхээр олон эр ирсэн ч хэн нь ч түүнийг ялж чадаагүй бөгөөд Хотулун 10,000 гаруй адуутай болсон домог бий.
Марко Поло Хотулунг эцгийнхээ цэргийн аянд хамт явж, тулалдаанд оролцон дайснаас олз авч чаддаг зоригтой эмэгтэй байсан гэж дүрсэлсэн байдаг.
Ийнхүү Хотулуны бөхийн чадвар нь түүнийг зөвхөн хааны охин биш, өөрийн хүч чадлаараа нэрд гарсан түүхэн эмэгтэй болгожээ.