Solongo B.
“Монголын нууц товчоо”-ны хятад үсгээр галигласан эх сурвалжийг XIX зуунд Оросын эрдэмтэн Палладий Кафаров Бээжин хотын хааны номын сангаас олж илрүүлжээ.

Улмаар эрдэмтэд уг галиг бичгийг судлан тайлж, орчин цагийн монгол хэлээр хөрвүүлж, олон талаас нь тайлбарлан судалснаар бидний өнөөдөр уншиж буй “Монголын нууц товчоо” бүрэлдэн бий болжээ.
Богд хаант Монгол Улсын үед Ж.Цэвээн 12 дэвтрийг олж, Б.Цэнд гүн 1917 онд худам монгол бичгээр хөрвүүлжээ. Нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн гуай 1947 онд хөрвүүлэн, 1957 онд л өнөөгийн монгол хэл рүү хөрвүүлж олон нийтийн хүртээл болгосон.
Үүний дараа Д.Цэрэнсодном, Ш.Бира, Д.Төмөртогоо, Ш.Чоймаа болон бусад судлаачид эхийг дахин нягталж, өөр өөрийн судалгаа, тайлбараар баяжуулсаар ирсэн аж.
Үүнийг өнөөдөр хүртэл хэн ч баттай тогтоогоогүй байна. Судлаачид уг бүтээлийг хааны ордны дотоод үйл явдлыг сайн мэддэг хүн бичсэн байх магадлалтай гэж үздэг бөгөөд Шихихутаг, Чинхай, Тататунга зэрэг хүмүүсийн нэрийг таамаг болгон дэвшүүлж байжээ.
Төгсгөлийн хэсэгт уг бүтээлийг хулгана жилд бичиж дуусгасан тухай тэмдэглэсэн байдаг. Гэвч хулгана жил 1228, 1240, 1252 зэрэг олон онтой таардаг тул яг аль онд бичигдсэнийг судлаачид өнөөг хүртэл хэлэлцсээр байна. Харин Өгэдэй хааны үеийн үйл явдлыг багтаасан учраас 1240 оныг түгээмэл санал болгодог.
Жишээ нь, “Монголын нууц товчоо”-ны эхний хэсгийг зүгээр л домог гэж үзэх, Бөртэ-Чоныг чонотой холбон ойлгох, Чингис хааныг ямар ч шалтгаангүйгээр цуст дайн хийдэг хэрцгий хүн мэтээр тайлбарлах зэрэг ташаа ойлголтууд бий болсон. Үүний цаана эхийн үг хэллэг, утгыг бүрэн тайлж чадаагүй асуудал байсан юм.
Буриад, дөрвөд, барга, урианхай, баяд, захчин, торгууд, үзэмчин зэрэг нутгийн аялгад эртний монгол үгс өнөөг хүртэл хадгалагджээ. Эдгээр үгийг харьцуулан судалснаар “Монголын нууц товчоо”-ны өмнө нь ойлгомжгүй байсан олон үгийн утгыг тайлах боломжтой болсон байна.
“Монголын нууц товчоо”-г тайлах явцад түрэг, татар, киргиз, уйгар, манж, тунгус зэрэг хэлэнд эртний монгол хэлтэй ижил төстэй үг, ойлголтууд хадгалагдан үлдсэнийг судлаачид анзаарчээ. Энэ нь тухайн үеийн нүүдэлчин ард түмнүүдийн хэл, ахуй, соёлын харилцаа ямар өргөн хүрээтэй байсныг харуулдаг.
Судлаачид эртний түүхийн сурвалж, өмнөх хөрвүүлгүүдээс гадна монголчуудын өнөөг хүртэл хадгалж ирсэн ёс заншил, ахмад хүнийг хүндэтгэх ёс, нэр өгөх уламжлал, монгол ахуй зэргийг түшиглэн XIII зууны хүмүүсийн хэлж, бичиж байсан утгыг сэргээхийг зорьжээ.
Олон үеийн эрдэмтэн, судлаачдын хөдөлмөрөөр эртний үг хэллэг, нэр томьёо, түүхэн утгыг дахин тайлах боломж нээгдэж байна. Учир нь “Монголын нууц товчоо” бол зөвхөн өнгөрсөн үеийн ном биш, өвөг дээдсийн маань хэл, сэтгэлгээ, түүхийг хадгалсан бидний өв юм шүү.