Бэр гуйх ёс

Бэр гуйх ёс

Solongo B.

Удам судар сайтай, нэр хүндтэй, төлөв төвшин, амьдралын туршлагатай, айл гэрт эв найрамдал авчрах хүнийг сонгодог.

Монголчууд цаг тооны бичиг харж, сайн өдөр, сайхан цагийг сонгон товлодог уламжлалтай. Мөн хүү, охины ивээл жил, мэнгэ, махбод хоорондоо зохицох эсэхийг анхаардаг байсан нь ирээдүйн хосын зам мөрийг сайн сайхнаар эхлүүлэх гэсэн бэлгэдэлтэй холбоотой.

Ивээл жил гэдэг нь хоёр хүний төрсөн жил хоорондоо зохицож, 4 эсвэл 8 жилийн зөрүүтэй байхыг хэлдэг уламжлалт ойлголт юм.

Хулгана, Луу, Бич 

Үхэр, Могой, Тахиа 

Бар, Морь, Нохой 

Туулай, Хонь, Гахай 

Эдгээрийг хоорондоо ивээл жил гэж үздэг.

Гэхдээ энэ нь Монголчуудын уламжлалт бэлгэдэл, зурхайн ойлголт болохоос шинжлэх ухааны баталгаатай арга биш юм.

Бэр гуйхаар очихдоо гар хоосон очдоггүй уламжлалтай. 

Хүүгийн тал цагаан хадаг, сүү, тавгийн идээ, ааруул, бяслаг, шимийн архи болон охины эцэг эхэд зориулсан бэлгийг авч очдог. Энэ нь айл гэрээ хүндэтгэж, охиныг нь эрхэмлэн гуйж буйгаа илэрхийлсэн бэлгэдэл юм.

Ёслолын үеэр хүүгийн тал санаагаа уран яруу үгээр илэрхийлдэг.

“Буга намнаач нь манайд байна, 
Булга зүйгч нь танайд байна. 
Эрээд олдохгүй эрдэнэ, 
Сураад олдохгүй сувд танайд байна” гэх мэт үгээр охиныг эрхэмлэн гуйдаг.

Бэр гуйх үед хувцас хунар цэвэрхэн, ёс төртэй байхыг эрхэмлэдэг.

Охины тал бэр гуйхаар ирсэн хүмүүсийг хүндэтгэлтэйгээр хоймортоо залж, цай идээгээр дайлдаг уламжлалтай. Мөн тэр өдрийн яриа эвтэй сайхан өрнөж, хоёр залуугийн амьдрал өөдрөг байхыг бэлгэдэн бууз, хуушуур зэрэг битүү хоол хийхийг цээрлэдэг.

Бэр гуйх ёс нь зөвхөн хоёр хүний гэрлэлт бус, хоёр гэр бүлийн итгэлцэл, хүндлэл, эв нэгдлийг эхлүүлдэг Монголчуудын үнэт өв соёл юм.

Цаг үе өөрчлөгдсөн ч энэ ёсны гол утга болох хайр, хариуцлага, ахмадаа хүндлэх ёс, гэр бүлийн үнэ цэнэ өнөөг хүртэл хадгалагдсаар иржээ.

Эх сурвалж: Уншихгүй байж болохгүй ном 

Бусад нийтлэлүүд

© 2026 MOGUL+. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

© 2026 MOGUL+. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.