Монгол эрчүүдийн гоёл

Монгол эрчүүдийн гоёл

Solongo B.

Монгол эр хүний гоёл зүүсгэл нь эмэгтэй хүний гоёлтой харьцуулахад овор хэмжээ бага, ажил хөдөлмөрийн өвөрмөц хуваарьт зохицсон байдгаараа онцлогтой.

Эрт цагт нэр хүндтэй нэгэн хос аж төрөн суудаг байв. Нутгийн залуу тэрхүү бүсгүйд сэтгэл алдарч, хосыг салгахын тулд нөхрийг нь хугацаагүй цэргийн албанд явуулжээ. Нөхрөө хэзээ эргэж ирэхийг үл мэдэх хань нь үр хүүхдээ өсгөн амьдралын хатууг туулсаар эцэст нь өвчнөөр нас баржээ.

Харин эхнэр нь эцсийн малаа зарж, хэт хутга, гаанс, даалин зэрэг чамин хийцтэй эд зүйлсийг урлуулан үлдээсэн ажээ. Тэрээр эдгээрийг нөхөртөө зориулан “Эр хүний чимэг болж, миний хайрыг үүрд дурсаг” хэмээн захисан гэдэг. 

Нутгийн олон энэхүү нандин сэтгэлийг хүндэтгэн дээдэлж, тэр цагаас хойш хэт хутга, гаанс, даалин нь монгол эр хүний үндсэн гоёл болсон домогтой.

Эр хүний гоёл бүснээс эхэлдэг.

Монгол эр хүний бүс нь хийморь лундаа, сүр жавхланг бэлгэддэг. Тиймээс бүсээ нар зөв ороож, үзүүрийг баруун ташаандаа хавчуулан бүслэх бөгөөд бүсэн дээр гишгэх, дээгүүр нь алхах зэргийг цээрлэдэг.

Мөн бүсэндээ хэт хутга, аяганы уут, даалин, гаанс, цохилуур зэрэг өдөр тутмын хэрэглээний эдлэлээ зүүж явдаг байжээ.

Хэт хутга 

Энэ нь зөвхөн хутга бус, хуй, хос савх, бэл, тээг, гал ноцоох хэт зэрэг олон хэсгээс бүрддэг иж бүрэн эдлэл байв. Хутганы иш, хуй болон ирний ховилыг сийлж, мөнгөөр хөөлгөх, алтаар шарах зэрэг аргаар чимэглэдэг байсан нь өдөр тутмын хэрэглээний эдлэлийг жинхэнэ гар урлалын бүтээл болгожээ.

Хэт хутга нь монголчуудын уламжлалт хээ угалз, дүрслэлийн баялаг өвийг шингээсэн байдаг.

Хэт хутга, түүний дагалдах эдлэлд эвэр угалз, мушгиа, сүлжээ, хас, тоонолжин, луу, загас, гал зэрэг монголчуудын уламжлалт хээ дүрсийг урлан оруулдаг байв. Мөн хутганы иш, хуй, мөнгөн бэл, тээгийг үүлэн хээ, цэцэг, эвэр угалзаар хээлж, эдлэл бүрийг уран дархны нарийн хийцээр чимдэг байжээ.

Хөөрөг

Хөөрөг нь хамрын тамхи хадгалах зориулалттай сав бөгөөд монголчуудын мэндлэх ёс, хүндэтгэлийн бэлгэдэл юм. Хаш, мана, шүр, номин, оюу зэрэг чулуугаар урладаг бөгөөд чулууны өнгө, хээ судал, толгойн хийцээрээ ялгардаг. 

Хөөрөгний үнэ цэнийг чулууны төрөл, ховор чанар, өнгө, ур хийц болон түүхэн эзэмшлээр нь үнэлдэг. Толгойг нь шүрээр урлаж, мөнгөн нуух зэрэг чимэглэлээр гоёх нь түгээмэл.     

Монголчууд мэндлэхдээ хөөргөө алган дээрээ харилцан зөрүүлж, тамхилдаг. Энэ нь амар мэнд мэдэлцэхийн зэрэгцээ харилцан хүндлэл илэрхийлдэг уламжлал юм.  

Даалин 

Даалин нь хөөрөг болон жижиг эд зүйлсийг хийж, биедээ авч явах зориулалттай эдлэл юм. Торго, хоргой, бөс даавуу, савхи зэргээр урлаж, өнгийн утас, саа ашиглан хээ угалз хатган чимэглэдэг аж.

S5: Монгол бүсгүйчүүд хайртай хүндээ зориулан даалин урлаж бэлэглэдэг уламжлалтай. Энэ үйл нь сэтгэлт хархүүдээ цаг зав, тэвчээр, ур ухаанаа зориулж буйн илэрхийлэл юм. 

Гаанс 

Гаанс нь монголчуудын уламжлалт тамхи татах хэрэгсэл бөгөөд толгой, их бие, соруул гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. Ихэвчлэн 30–40 см урттай, толгойг ган, зэс, гууль, их биеийг модоор урладаг байсан бол заримыг нь бүхэлд нь ясаар хийдэг. Гаансны толгойг сийлбэр, хээгээр чимэглэснээр өдөр тутмын хэрэглээнээс гадна гоёлын зориулалтаар ашигладаг байжээ.  

Гаансны аманд зуудаг хэсгийг соруул гэх бөгөөд хаш, яс зэрэг материалаар урладаг байжээ. Ялангуяа цагаан хашан соруултай гаанс өндөр үнэлэгддэг байв. 

Гаансыг тамхины сав, сэтгүүр, цохиурын хамт хэрэглэдэг байсан бөгөөд сэтгүүр, цохиурыг мөнгөн гинжээр тамхины савтай холбодог байжээ. Сэтгүүр нь гаансны толгой дахь тамхийг тордох, цохиур нь түүнийг цэвэрлэхэд хэрэглэгддэг. Ган толгой дээрх таван нүдэн, цэцгэн хээ зэрэг нарийн сийлбэр нь монгол дархчуудын ур чадвар, гоо зүйн мэдрэмжийг илтгэнэ.

Мөнгөн аяга

Мөнгөн аяга нь монголчуудын уламжлалт эдлэл хэрэглэлийн нэг бөгөөд нүүдэлчин ахуйн өдөр тутмын хэрэглээ, зочлох ёс, бэлэг дурсгалын соёлтой холбогдон хөгжжээ. Мөнгийг давтах, хөөмөлдөх, сийлэх зэрэг дархны уламжлалт аргаар аягыг урладаг бөгөөд үе үеийн дархчуул хийц, хээ чимэглэлийг нь улам бүр баяжуулсаар иржээ.

Мөнгөн аяганы хийц

Монгол дархны урлалд Дарьганга, Боржигон, Батноров хийцүүд онцгой байр суурь эзэлнэ. Нутаг нутгийн энэхүү онцлог нь зөвхөн хээ угалзаас гадна аяганы их биеийн хэлбэр, амсар, ёроолын шийдэл, чимэглэлийн арга барилаас тодорхой харагддаг. Эдгээр онцлогийг харьцуулан судлах нь монгол дархны ур хийц, нутаг нутгийн уламжлалыг танин мэдэх чухал арга юм.

Мөнгөн аяга урлахад мөнгийг хайлуулж давтах, хэлбэржүүлэх, амсар болон ёроолыг яв цав тохируулах, гадаргууг өнгөлөх зэрэг олон шатны нарийн ажиллагаатай. Хөөмлийн аргаар хээ угалзыг товойлгон гаргадаг бол сийлбэрээр гадаргууд нарийн дүрс, хээг сийлж урладаг. Мөн ур хийц, үнэ цэнийг нь нэмэгдүүлэхийн тулд алтаар шарж, шүр, оюу зэрэг эрдэнийн чулуугаар чимэглэдэг уламжлалтай.

Аяганы уут 

Аяганы уутанд тухайн хүний боломж нөхцөлөөс шалтгаалан мөнгөн аяга, модон аяга эсвэл тагш хийж авч явдаг байв. Айлд ороод мэндэлж, тамхилсны дараа өөрийн аяга, савх, хутгаа хэрэглэн хооллож ундалдаг байсан нь нүүдэлчдийн ахуйн сонирхолтой нэгэн соёл юм.

Хос савх

Хэт хутганы хажууд хос савхыг тусгайлан байрлуулж, хутга, савхаа бүснийхээ ар нуруу хэсэгт хавчуулан авч явдаг байжээ. Айлд орохдоо бүсэндээ хавчуулсан хутгаа сугалан доош унжуулж, хүндэтгэл үзүүлдэг байсан нь уламжлалт ёсны нэг аж. 

Бүснээс унжих хэт хутга, даалин, хөөрөг, гаанс, мөнгөн аяга зэрэг нь тухайн цаг үеийн монгол эр хүний ахуй амьдрал, хийморь лундааны салшгүй илэрхийлэл байв. Тиймээс монгол эр хүний эд хэрэглэл нь ердийн гоёл зүүсгэл бус нүүдэлчдийн ахуй соёл, уламжлалыг тээж ирсэн өв юм.

Бусад нийтлэлүүд

© 2026 MOGUL+. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

© 2026 MOGUL+. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.