Enkhjin Sh.
Төлбөрөө нэмэх эрх их сургуульд бий. Гэхдээ оюутнууд төлсөн төлбөр нь юунд өө хэрхэн зарцуулагдаж байгааг мэдэж чадаж байна уу?

Уламжлал ёсоор хичээл эхлэхтэй зэрэгцэн их сургуулиудын сургалтын төлбөр дахин нэмэгдлээ. МУИС-д шинээр элсэгчийн ерөнхий суурь хичээлийн нэг кредит 203,700 төгрөг болж, ойролцоогоор 15 хувиар өсжээ. Жилд 30 кредит судалбал зөвхөн үндсэн төлбөр нь 6.1 сая төгрөг болно.
Харин ШУТИС-ийн шинэ элсэгчийн нэг кредит 190 мянгаас 209 мянган төгрөг болж 10 хувиар өссөн бол зарим эрэлттэй хөтөлбөрийнх 218,500 төгрөгт хүрчээ. СУИС-ийн жилийн төлбөр 25 орчим хувиар, ХААИС-ийнх 10-12 хувиар нэмэгдсэн байна.
Их сургуулиудын зардал өсөж буй нь бодит асуудал мөн. Тухайлбал, МУИС-ийн 2025 оны аудитын тайлангаар нийт зардал нь өмнөх оноос 15.2 хувиар өсөж, 111.1 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс цалин, нэмэгдэл, урамшуулал болон ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн зардал нийлээд 69.98 тэрбум төгрөг буюу нийт зардлын 63.0 хувийг эзэлсэн нь өмнөх оноос 9.55 тэрбум төгрөгөөр өссөн.
Энэ талаар аудитын тайланд 2024 оны 9-р сарын 1-ээс үндсэн цалинг 30 хувиар нэмэгдүүлсэнтэй холбон тайлбарлажээ. Эдгээр тоо сургуулийн зардал өссөнийг харуулж буй ч, нэмэгдлээр хэдий хэмжээний орлого төвлөрүүлж, юунд зарцуулахаар тооцсоныг оюутнуудад ил тод мэдээлэх учиртай. Боловсролын ерөнхий хуульд “суралцагч сургалтын төлбөрийн талаар мэдээлэл авах, хяналт тавих эрхтэй” гэж заасан байдаг.
ШИЙДВЭР ГАРГАХ 15 ХҮНИЙ НЭГ НЬ ОЮУТАН
Сургалтын төлбөр болон бусад нэмэлт зардлыг их сургуулиуд төрөөс хараат бусаар тогтоодог бөгөөд энэхүү шийдвэрийг тухайн их сургуулийн Удирдах зөвлөл гаргадаг. “Дээд боловсролын тухай хууль”-д зааснаар энэ зөвлөл 15 гишүүнтэй байна.
Үүний найм нь үүсгэн байгуулагчийн, гурав нь багшийн, гурав нь төгсөгч болон ажил олгогчийн, нэг нь суралцагчийн төлөөлөл байхаар хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, төлбөр тогтоох шийдвэрт оролцож буй 15 хүний 6.7 хувь нь оюутны төлөөлөл бол үүсгэн байгуулагчийн найман төлөөлөл дангаараа зөвлөлийн 53.3 хувийг бүрдүүлж буй.
Удирдах зөвлөлийн жилийн тайлан болон сургуулийн үйл ажиллагааны тайланд өгсөн дүгнэлтийг үүсгэн байгуулагчид танилцуулахаар заасан байдаг бол олон нийт аудитын тайлан, шилэн данснаас мэдээлэл авах боломжтой.
Гэвч МУИС-ийн 2025 оны аудитаар л гэхэд Шилэн дансанд мэдээлэх ёстой 2,697 гүйлгээнээс 261.1 сая төгрөгийн 33 гүйлгээг мэдээлээгүй бөгөөд 469.8 сая төгрөгийн 19 мэдээллийг хугацаа хоцроож байршуулсныг тогтоосон байна.
ТЭГВЭЛ БНСУ-Д…
Төлбөрийг сургуулийн Удирдах зөвлөл тогтоож буй нь их сургуулийн бие даасан байдлын илрэл боловч төлбөр төлж буй оюутнууд энэхүү шийдвэрт нөлөөлж чадах хэмжээний бодит оролцоотой байх нь чухал билээ. Тэгвэл БНСУ-д сургууль бүр багш, ажилтан, оюутан болон холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн “Сургалтын төлбөрийг хэлэлцүүлэх хороо”-г байгуулах үүрэгтэй.
Тус хорооны нийт гишүүдийн 30-аас доошгүй хувь нь оюутны төлөөлөл байх ёстой бөгөөд аль нэг төлөөллийн бүлэг нийт суудлын 50 болон түүнээс дээш хувийг эзлэхийг хориглодог. Мөн төлбөр хэлэлцсэн хурлын тэмдэглэлийг хуралдсанаас хойш 10 хоногийн дотор сургуулийн цахим хуудсанд нийтэлж, гурваас доошгүй жил нээлттэй байлгах үүрэгтэй.
ЭЛССЭН ҮНЭЭРЭЭ ДӨРВӨН ЖИЛ СУРДАГ БАЙСАН БОЛ?
Оюутан сургууль, мэргэжлээ сонгохдоо тухайн үед зарласан төлбөрийг харгалзан шийдвэр гаргадаг. Харин II, III, IV курст суралцаж байхад нь төлбөр гэнэт нэмэгдэхэд өөр сургуульд шилжих, мэргэжлээ солих нь мэдээж амаргүй. АНУ-ын Иллиной мужид энэ эрсдэлийг “Truth in Tuition” зохицуулалтаар шийджээ.
Тус мужийн улсын их сургуульд элссэн Иллинойс мужийн оршин суугч бакалаврын оюутны үндсэн сургалтын төлбөрийг анх элссэн үеэс нь дөрвөн жилийн турш нэмдэггүй. Сургууль дараа жилийн шинэ элсэгчдэд өөр үнэ тогтоож болох ч, өмнө нь элссэн оюутны төлбөр хэвээр үлдэнэ. Ингэснээр оюутан дөрвөн жилийн үндсэн зардлаа элсэх үедээ тооцож, санхүүгээ урьдчилан төлөвлөх боломжтой болдог.
НЭГ ҮНЭ ТОГТООХ БОЛОМЖГҮЙ БОЛ?
Төлбөрийг дөрвөн жил тогтвортой байлгах боломжгүй бол өсөлтийг урьдчилан тогтоосон, шалгаж болох үзүүлэлттэй холбох өөр хувилбар бий. Их Британийн Өрсөлдөөн, зах зээлийн газрын зөвлөмжөөр их сургууль элсэх санал өгөхөөс өмнө суралцагчийн жилийн төлбөр, хөтөлбөрийн нийт үнэ болон нэмэлт зардлыг мэдээлэх бөгөөд төлбөрийн өсөлтийг яг таг хэлэх боломжгүй бол ямар аргачлалаар тооцохыг тодорхой тайлбарлах үүрэгтэй.
Төлбөр нэмэгдэх үндэслэл нь бодит шалтгаантай байх бөгөөд сургуулийн зүгээс “шаардлагатай үед төлбөрийг өөрчилнө” гэсэн хязгааргүй эрх эдэлж болохгүй гэж тус байгууллага үздэг. Мөн өсөлтийг инфляц зэрэг хөндлөнгөөс шалгаж болох үзүүлэлттэй холбож, дээд хязгаар тогтоовол оюутан ирээдүйн зардлаа урьдчилан тооцох боломжтой болно. Эцэст нь, төлбөр нэмэх шаардлага гарч болох ч, нэмэхээс өмнө зардлын тооцоо, нэмэгдлээр төвлөрүүлэх орлого, зарцуулах төлөвлөгөө болон оюутны төлөөллийн саналыг ил болгох шаардлагатай байна.
Нэг үнийг суралцах бүх хугацаанд тогтвортой барих боломжгүй бол өсөлтийн индекс, дээд хязгаар, тооцох аргачлал болон ямар оюутанд үйлчлэхийг элсэх үед нь мэдэгдэж болно. Их сургууль төлбөрөө бие даан тогтоох эрхтэй бол оюутан төлсөн мөнгөнийхөө зарцуулалтыг мэдэх, хянах, цаашид төлөх зардлаа урьдчилан тооцох мөн эрхтэй билээ.