Намар болоод эмороод байгаа юм биш биз?

Намар болоод эмороод байгаа юм биш биз?

Solongo B.

Зун дуусаад өдөр богиносохтой зэрэгцээд юу ч хийх хүсэлгүй, сэтгэл нэг л хоосон, гунигтай болоод байна уу?

Энэ нь клиник эмгэг биш ч олон хүнд тохиолддог ба судлаачид үүнийг улирлын чанартай сэтгэл гутрал буюу SAD (Seasonal Affective Disorder) гэж нэрлэжээ. Энэ нь нарны гэрэл багассантай холбоотой гэж үздэг бол монголчууд бидний хувьд дөрвөн улирлын эргэлтийг жил бүр л мэдэрч амьдардаг билээ. 

Яагаад эмороод байна аа?

Гэрлийн нөлөө: Өдөр богиносож, байгалийн гэрэл багасахад хүний биеийн хэмнэл өөрчлөгдөн, эрч хүч буурч, сэтгэл санаа тогтворгүй болдог.

Хэмнэлээ алдах: Зуны турш дунд чөмгөө дундаа хийж дураараа дургисан бол тэр бүгд дуусаж ажил, нэгэн хэвийн амьдралдаа эргэн орох нь сэтгэл санаанд дарамт үүсгэдэг.

Нийгмийн харилцаа багасах: Цаг агаар хүйтэрч, зав чөлөө багасдаг тул найз нөхөдтэйгөө уулзах боломж алсарч, ганцаардах мэдрэмж төрдөг.

Д амин дэмийн дутагдал: Нарны гэрэл багассанаар биеийн Д амин дэм , тархины үйл ажиллагаа, сэтгэл хөдлөлд нөлөөлөн сэтгэл санааг хямраадаг.

Тэгвэл гуниглаж хэвтэхийн оронд…

Халуун шоколад уунгаа дулаахан хөнжилдөө дуртай киногоо үзвэл ямар вэ дээ?

Эдгээр кино намрыг илүү гоёор мэдрэхэд чинь тусалж магадгүй л юм.

Pride and Prejudice (2005)

Sleepless in Seattle (1993)

Nothing Hill (1999)

Little Woman (2019)

Мартагдашгүй намар (1975)

Боломжтой бол ажлаа түр хойш тавиад байгальд гарч дуртай номоо уншаарай

Намрын мэдрэмж төрүүлэх номнууд:

“Тэнгэрт ургадаг модод”— Л.Өлзийтөгс

“Уншигч”— Бернхард Шлинк 

“Сайн уу, гуниг минь”— Франсуаз Саган

“Верити”— Колин Хүүвер

Харин нэг зүйлийг ялгаж харахаа мартав аа.

Түрхэн зуурын улирлын чанартай гуниг болон удаан үргэлжилсэн сэтгэл гутрал хоёр адилхан биш.

Хэрэв сэтгэл санаа удаан хугацаанд тогтворгүй байж, юу ч хийх хүсэлгүй болох, нойр болон хоолны дуршил өөрчлөгдөх зэрэг шинжүүд өдөр тутмын амьдралд тань нөлөөлж эхэлбэл мэргэжлийн хүнээс тусламж авах нь хамгийн зөв шүү.

Намрын налгар өдөр гэртээ хэвтээд л байх хайран биш гэж үү? 

Нэг мэдэхэд л нөгөө нэг хахир хүйтэн өвөл болчихсон утаа, түгжрэл гээд гэрээсээ гарах хүсэл улам багасна. Тиймээс намрын дулаахан өдрүүдийг ашиглаад дуртай дуугаа сонсонгоо 15-20 минут алхах эсвэл зүгээр л навчсын өнгө өөрчлөгдөхийг харан тайван алхах гээд өөртөө багахан хугацаа гаргаарай.

Заавал том төлөвлөгөө хэрэггүй, багахан алхалт ч сэтгэл санааг сэргээж, намрыг илүү мэдрэхэд тусална шүү.

Бусад нийтлэлүүд

© 2026 MOGUL+. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

© 2026 MOGUL+. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.