Enkhjin Sh.
Монгол хэл халх, ойрад, буриад гэсэн гурван том нутгийн аялгуутай бөгөөд цааш салаалаад олон салбар аялгуу бий. Тэгвэл олон нийтийн дунд төв халх аялгуунаас өөрөөр дуудвал буруу, боловсролгүй, эсвэл “хөдөөнийх” гэж шоолох, ялгаварлан гадуурхах үзэгдэл түгээмэл байна.

Угтаа “Увс хэл” гэсэн тусдаа бие даасан хэл байхгүй бөгөөд энэ нь баруун нутгийн аялгуудын л нэг хэсэг юм. Бусад нутгийн аялгууны соёл, үгийн санг мэдэхгүйгээс шоолон инээлдэх, “буруу яриад байна” гэж үзэх нь хэлний дархлаанд сөрөг нөлөөтэй.
Учир нь нутгийн аялгуу бүр өөрийн гэсэн үгийн сан, зүйр цэцэн үг, дуудлагын онцлог, ахуйтай холбоотой нэршилтэй байдаг. Хэрэв тухайн нутгийн аялгуу хэрэглээнээс гарвал үгийн сан, тэдгээрийн цаана байгаа мэдлэг, соёл ч мөн хамт алга болох эрсдэлтэй юм.
Хэлний туйлын зөв стандарт гэж хаана ч байхгүй. Өнөөдөр бидний мөрдөж буй төв халх аялгуу, кирилл бичгийн дүрэм бол ердөө 1940-өөд онд тогтсон захиргааны болон практик хэрэглээний л хувилбар юм.
Түүнээс биш бусад аялгууг үгүйсгэх, доош нь хийх “эрх мэдэл” биш билээ. Аялгуугаар ялгаварлан гадуурхах үзэл нь нийгэмд бүс нутгийн талцал, бие биенээ үл хүндэтгэх байдлыг гааруулж, цаашлаад дэлхийгээр тархсан монгол туургатнуудын соёлын нэгдэлд ан цав суулгадаг хортой үзэгдэл юм.
САЛАА ЮУ, САЛТАА ЮУ?
Монголын уламжлалт анагаах ухаанд оношилгоо, эмчилгээний арга зүйг “есөн мод, 47 салаа, 224 навч”-аар зүйрлэдэг. Үүнээс үүдэн, Өвөрмонголд эмнэлгийг нэг мод гэж үзээд доторх тасгуудыг нь “салаа” гэж нэрлэдэг байна.
Жишээ нь, “эмэгтэйчүүдийн салаа” (тасаг) гэсэн үгийг манайхан “салтаа байцаах газар” хэмээн оргүй худал үг зохион, элэглэж буй нь хошин шог дээр хүртэл гардаг билээ.
“МӨСМӨЛЖ” БА ЗАЙРМАГ
Өвөрмонголчууд зайрмагийг “мөсөн мөлжүүр” биш, “мөсмөлж” гэдэг бөгөөд энэ нь мөс арай бүрэн хөлдөөгүй, мөстөж эхэлж буй үеийг хэлдэг.
Тэгвэл “зайрмаг” гэдэг нь усны дээгүүр өрөм шиг зайр суухыг хэлдэг тул утгын хувьд өөр юм.
НЭГ ХЭВЭНД ЦУТГАХ ХЭРЭГГҮЙ
Англи хэл ч британи, америк, австрали гээд олон аялгуутай. Хятад хэлэнд гэхэд мандарин, кантон, хакка зэрэг аялгууд бий.
Тухайн хэл хэдий чинээ өөр өөр бүс нутаг, ахуй соёл, аман уламжлал дунд зэрэгцэн оршиж байна, төдий чинээ хэл устах аюулаас хол байдаг.
Бусдыг “буруу ярилаа” гэж шүүж, шоолохоос урьтан “ямар сонирхолтой үг, дуудлага вэ” гэж танин мэдэхүйн өнцгөөс сонирхон сонсож, харилцан хүндэтгэж сурцгаая.
Олон янз байдлаа хүндэтгэх нь эх хэлээ хамгаалах хамгийн эхний алхам билээ.