Бүүвэйн дуу

Бүүвэйн дуу

Solongo B.

Бүүвэйн дуу бол эх хүн үрээ тайвшруулж, унтуулахын зэрэгцээ хайр, ерөөл, хүмүүжлээ дуугаар дамжуулдаг монгол ардын аман зохиолын бие даасан төрөл юм. Монголчууд хүүхдээ өлгийтэй байхаас нь эхлэн дуу аялгуугаар хүмүүжүүлж иржээ.

Хараацай шувууны дэгдээхэй шигээ

Харцан дундуураа дуудаад байна уу даа

Ээ бүүвэй ээ бүүвэй ээ бүүвэй бүүвэй…

Ээжийн хоолойноос илүү дотно аялгуу гэж үгүй.

Хүүхэд эхийнхээ дуу хоолой, зүрхний цохилтын хэмнэлийг эхийн хэвлийд байх үеэсээ мэдэрч эхэлдэг. Тиймээс төрсний дараа эхийн танил хоолой, намуун аялгуу, жигд хэмнэл нь хүүхдэд тайвшрал, аюулгүй байдлын мэдрэмж төрүүлэхэд чухал үүрэгтэй.

Бүүвэйн дуу бол эхийн хайрыг хүүхдэд хүргэх хамгийн энгийн хэр нь нандин хэл ажээ.

Бүүвэйн дуугаар хүүхэд хорвоог таньж эхэлдэг.

“Бүүвэй” гэж аялахын зэрэгцээ монгол эхчүүд хүүхдэдээ эх орон, байгаль, мал амьтан, эргэн тойрны хүрээлэн байгаа байгаль ертөнцийн юмс үзэгдэл ялангуяа янз бүрийн амьтдын дүртэй танилцуулдаг байлаа.

Сүргээр явдаг адууны хүү
Талд нисдэг ятууны хүү
Улих дуртай чонын хүү…

Зарим бүүвэйн дуунд хүүхдийн удам судрыг нь хүртэл дуулдаг.

Бүүвэйн дуугаар хүүхдэдээ зөвхөн ерөөл хэлээд зогсохгүй өвөг дээдэс, удам угсаа, түүхэн хүмүүсийн нэрийг дурдан танилцуулдаг уламжлал байжээ. Үүний

Хараадай хааны ачлаа
Бүүвэй, бүүвэй, бүүвэй
Хариутган тайжийн дүү лээ
Бүүвэй, бүүвэй, бүүвэй…

“Бүүвэй” гэдэг үг хүртэл учиртай.

Бүүвэйн дуу нь үндсэндээ домлол, аялгуут шившлэг юм. Дуунд шингэсэн эхийн хайр нялх үед нь нөлөөлж болох муу бүхнээс хамгаалах хамгаалалт болдог байна. Монгол дом, шившлэгт тодорхой үг, хэллэгийг давтан хэлэх нь түгээмэл байдаг. Үүнтэй адил бүүвэйн дуунд “бүүвэй” гэх үгийг олонтаа давтан, жигд хэмнэлээр аялдаг.

Мөн хүүхэд айж цочсон үед “бүү ай” хэмээн аргадан тайвшруулдаг уламжлал байсан бөгөөд “бүү ай” гэх хэллэг аялгуулан хэлэгдэх явцдаа ойртон нийлж “бүүвэй” гэх хэллэг үүссэн байж болох талаар судлаачид тайлбарласан байдаг.


Ээж нь өөрөө дуулах нь хамгийн чухал.

Бүүвэйн дууг заавал мэргэжлийн дуучин шиг дуулах шаардлагагүй ээ.

Монголчуудын уламжлалд бүүвэйн дууг заавал тогтсон нэг дуугаар дуулдаггүй бөгөөд ээж нь өөрийн мэддэг аялгуугаар зохиомжлон бүүвэйлдэг байсан уламжлал ч бий.

Тэгэхээр “Би сайхан дуулж чаддаггүй” гэж бүү санаа зовоорой. Хүүхдийн тань хувьд таны хоолой хамгийн дотно, сайхан аялгуу байх болно.

Бүүвэйн дуу мартагдвал бид юуг алдах вэ? 

Өлгий, Өөжин, эмээгийн үлгэртэй хамт бүүвэйн дуу ч орчин үеийн амьдралаас аажмаар холдож байна.

Эхийн хайр, төрөлх хэл, монгол аялгуу, удам судар, байгаль ахуй, ерөөл, хүмүүжлийн ойлголтыг нэгэн дор багтааж, нэг үеэс нөгөө үед дамжуулж ирсэн соёлын өв юм шүү.





Бусад нийтлэлүүд

© 2026 MOGUL+. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

© 2026 MOGUL+. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.