Монгол хэлний зөв бичгийн тухай

Монгол хэлний зөв бичгийн тухай

Enkhjin Sh.

Жил бүр “Үндэсний үсэглэлийн аварга тэмцээн” телевизээр гарахтай зэрэгцээд фэйсбүүкт нэг танил маргаан эхэлдэг билээ.

Зарим хүн “би сургуульд ингэж заалгаж байгаагүй” гэж гайхах бол зарим нь “монгол хэлний дүрэм жил бүр өөрчлөгддөг боллоо” гэж бухимдана. Бүр цаашлаад зөв бичгийн дүрмийг албаар будилуулж, монгол хэлийг сүйтгэж байгаа мэтээр тайлбарлах нь ч бий.Угтаа монголчууд гэнэт зөв бичиж чадахаа больчихсон юм биш л дээ. Харин нэг үгийг олон жилийн туршид янз бүрээр бичиж ирсэн дадал журамласан дүрэмтэй зөрчилдөж байгаа нь энэ юм.

ДҮРЭМ ҮНЭХЭЭР БАЙНГА ӨӨРЧЛӨГДӨӨД БАЙДАГ УУ?

Монгол Улс 1946 оны 1-р сарын 1-нээс кирилл үсгийг албан ёсоор хэрэглэж эхэлсэн түүхтэй.

Гэвч шинэ бичигт шилжлээ гээд бүх хүн нэг өдөр зөв бичээд эхэлнэ гэсэн үг биш юм. Ном, сонин, сурах бичиг, албан бичигт нэг үг өөр өөрөөр бичигдэж, хүмүүс ч өөр өөр хувилбараар нь сурч, хэрэглэж ирсэн.

Тиймээс 1983 онд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь” хэвлэгдэж, эргэлзээтэй олон үгийг нэг мөр болгох оролдлого хийсэн байдаг. Харин 2018 онд “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” шинэчлэгдэн гарч, 38 мянган толгой үг, нэр болон үйл үгийн хувилал, түгээмэл гадаад үг, улс орны нэр зэргийг багтаасан цахим сантай болсон.

Өөрөөр хэлбэл, “дүрэм байнга өөрчлөгдөөд байна” гэхээс илүү “өмнө нь олон янзаар бичиж ирсэн үгсийг нэг стандарттай болгосон” гэж ойлговол илүү оновчтой юм.

“НАДАД ИНГЭЖ ЗААГААГҮЙ” ГЭДЭГ НЬ БУРУУ БИШ БАЙЖ БОЛОХ Ч…

Нэг үеийнхэн түгээмэл “олонхи” гэж бичиж хэвшсэн байж болно. Нөгөө хэсэг нь “асуултанд” гэж бичиж дадсан ч байж ч болно. Зарим хүн “шүдэнз” гэж дууддаг учраас яг тэгж бичих нь зөв мэт санагдаж болно. Тэр нь харин үнэн гэсэн үг биш юм. 

Энэ нь тухайн хүн буруу бичдэг, боловсролгүй гэсэн үг биш. Тухайн үеийн хэвлэл нийтлэл, нийтлэг яриа, бусад хэлний нөлөө зэргээс шалтгаалж нэг үгийн хэд хэдэн хувилбар бий болж ирсний л үр дүн юм.


ТЭГВЭЛ АЛЬ НЬ ЗӨВ БЭ? ЯАГААД?

АСУУЛТАНД биш АСУУЛТАД

Тогтворгүй н-тэй үгийг тийн ялгалаар хувилгахдаа н үсгийг гаргаж бичнэ. Энэхүү тогтворгүй н үсэг ихэвчлэн харьяалах, өгөх орших, гарах гурван тийн ялгалд нэгэн адил гарна.

Жишээлбэл: модны, модонд, модноос, морины, моринд, мориноос, унины, унинд, унинаас гэх мэт. Гэтэл номны сан гэдэггүй учир номонд гэж бичихгүй номд; асуултны, амжилтны гэдэггүй учир асуултад, амжилтад гэж бичнэ.

ОЛОНХИ биш ОЛОНХ

Хамааруулах -х дагаврыг эр, эм ямар ч үгэнд зөөлний тэмдгийг ч, и үсгийг ч бичихгүй. Жишээлбэл: дараах, хойнох, доторх, гаднах, эндэх, манайх, манайхан, танайх, дундах гэх мэт.

ТУСЛАЯ биш ТУСАЛЪЯ

Эр үгэнд я, ё эгшиг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдахаар орвол өмнө нь хатуугийн тэмдгээр тусгаарлаж бичнэ. Жишээлбэл: авъя, олъё, угтъя, найзалъя гэх мэт.

ХҮРГЬЕ биш ХҮРГЭЕ

Я, е, ё, ю үсгүүд эгшиг ба зөөлний тэмдгийн дараа залгаж ороход өмнө нь хатуу, зөөлний тэмдэг (ъ, ь) бичихгүй. Жишээлбэл: саная, хичээе, олгоё, хөгжөөе, барья, орхиё, цохьё гэх мэт.

ХҮСЭЕ биш ХҮСЬЕ

Эм үгэнд е эгшиг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдахаар орвол өмнө нь зөөлний тэмдгээр тусгаарлаж бичнэ. Жишээлбэл: өгье, үзье, тэнцье,  гэх мэт.

КЛУБЫН биш КЛУБИЙН

Оросын У үсгийг Монголын Ү үсгийн адил эм эгшиг гэж үзэж залгавар залгана. Жишээлбэл: клубээс, группийн, курсийн гэх мэт.





Бусад нийтлэлүүд

© 2026 MOGUL+. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

© 2026 MOGUL+. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.